Монгол Улсын Их Хурлаар 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэлэлцэгдэн батлагдаж, 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн “Газрын тухай” шинэ хууль нь ардчилсан тогтолцоот зах зээлийн нийгмийн газрын харилцааг зохицуулах анхны эрх зүйн акт, газрын харилцааны асуудал эрхэлсэн бие даасан байгууллага үүсэх үндсэн баримт бичгийн хөрс, суурь болсон юм.
Монгол Улсын Засгийн газрын “Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 1995 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 143 дугаар тогтоолын 4 дүгээр заалтаар Газрын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрхлэн зохион байгуулах, энэ талаарх үйл ажиллагааг зохицуулах, газрын харилцаа, менежментийг өндөр түвшинд гүйцэтгэх үүрэг бүхий газрын алба байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн сайд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасан байна.
Тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 1995 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяанд Хотын Өмчийн газрын, Газрын үнэлгээ төлбөрийн хэлтсийг Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын, Газрын харилцааг зохицуулах албатай нэгтгэн Нийслэлийн Газрын алба байгуулах тухай тус албаны хувьд түүхэн А/276 дугаар захирамжийг гарган уг албанд тодорхой үүрэг чиглэлийг өгсөн байна.
Ингэж Улаанбаатар хотод газрын харилцааны асуудал эрхэлсэн мэргэжлийн бие даасан байгууллага бий болсон юм.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж байсан цаг үетэй давхцан тухайн үеийн газар олголт, хот байгуулалт, төлөвлөлтийн харилцаанд гарч байсан ажлын давхардлыг арилгах, газрын харилцаанд шинээр гарч байгаа эрэлт хэрэгцээг хот төлөвлөлттэй уялдуулах шаардлага бий болсон зэрэг үйл явдлуудаас улбаалан газрын харилцаа, хот байгуулалт, төлөвлөлтийн асуудал нь нэг цогц үйл ажиллагаа байх ёстой гэсэн ерөнхий зарчмын үндсэн дээр Газрын харилцаа, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албыг Захирагчийн ажлын албаны Хот төлөвлөлт, инженерийн байгууламжийн хэлтэстэй нэгтгэн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2000 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 160 дугаар захирамжаар нийслэлийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрыг байгуулж, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн, дүрмийг баталж мөрдүүлсэн байна. Газрын харилцаа, хот байгуулалтын газар нь Хот байгуулалт газар ашиглалтын, Газрын үнэлгээ төлбөрийн, Газрын кадастр, эрх зүйн хяналтын хэлтэс, Газар болон хот байгуулалтын мэдээллийн нэгдсэн төвтэйгээр ажиллаж эхэлжээ. Шинээр байгуулагдсан Газрын харилцаа, хот байгуулалтын газар нь анх удаа дүүргүүдэд газрын харилцаа, хот байгуулалтын мэргэжлийн албыг байгуулсан.
Нийслэлийн Засаг даргын 2001 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 22 дугаар захирамжаар Газрын харилцаа, хот байгуулалтын газрын нэр бүтцэд өөрчлөлт оруулж, Хот байгуулалт, газрын харилцааны газар хэмээн нэрлэж Хот байгуулалтын, Газрын харилцааны, Орлого санхүүжилтын хэлтсүүд, Хот байгуулалт, газрын мэдээллийн төв гэсэн бүтэцтэй, дүүргүүдэд хот байгуулалт, газрын харилцааны албатай, нийт 90 хүртэл хүний орон тоотойгоор байгуулагдсан байна.
2002 онд Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх 11 чиглэлийн зорилтын нэг болох “Газрын шинэтгэлийг эрчимжүүлэх” ажлыг дэмжих зорилгоор Монгол Улсын Их хурал ”Газрын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Шинээр батлагдсан “Газрын тухай” хуулинд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоог хуульчилж нийслэл, дүүрэгт газрын асуудал эрхэлсэн албатай байхаар заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Газрын харилцаа, Геодези, Зураг зүйн газрын талаар авах арга хэмжээний тухай” 12 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2003 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 58 дугаар захирамжаар Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газрын албыг дахин байгуулжээ.
2002 оны 06 дугаар сард батлагдаж 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль нь Монгол Улс түүхэндээ анх удаа газраа иргэдэд өмчлүүлэх эрхийг нээсэн түүхийн асар их ач холбогдолтой эрх зүйн акт болсон бөгөөд Нийслэлийн Газрын алба нь иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 1 удаа үнэгүйгээр газар өмчлүүлэх ажлыг нийслэлийн нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулж эхэлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоолын дагуу Газрын харилцаа, Геодези, Зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А-19/А-24 дүгээр тушаал, захирамжаар байгууллагын чиг үүрэг, бүтэц, орон тоо өөрчлөгдөн батлагдаж, нийслэлийн Газрын албыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт нэгтгэн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж, нийт 11 хэлтэс, 9 дүүргийн Өмч, газрын харилцааны алба, нийт 300 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан байна.
Ийнхүү Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/626 дугаар захирамжаар нийслэлийн Газрын албаны чиг үүргийг нийслэлийн Өмчийн харилцааны газраас салгаж, Газрын харилцаа, Геодези, Зураг зүйн газрын даргын 2016 оны А/224 дүгээр тушаал, нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугаар захирамжаар нийслэлийн Газрын албыг 8 хэлтэс, 9 дүүргийн Газрын алба, нийт 178 ажилтны орон тоотой ажиллахаар батласан.
Улмаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/241 дүгээр захирамжаар нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг шинээр баталж нийслэлийн Газрын албыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болгон өөрчилж 8 хэлтэс, 9 дүүргийн Газар зохион байгуулалтын алба нийт 223 албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.