Сонгино хайрхан дүүргийн 19 хороо 13 мянган хүн амтай. Орон сууцны 18 байр, Ерөнхий боловсролын 62 дугаар сургууль болон Дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төв тус хорооны нутаг дэвсгэрт байрладаг.
Эрүүл мэндийн нэгдсэн төвийг зөвхөн өдөртөө 5 орчим мянган хүн зорин ирж үйлчлүүлдэг бол 62 дугаар сургуульд 5 мянган хүүхэд суралцдаг. Хүн машины хөдөлгөөн ихтэй хороо юм.
Орон сууцны хороолол дунд дахь зам ачаалалаа дийлэхгүйд хүрсэн тул өнгөрсөн жил өргөтгөн шинэчилжээ. Зам хэдийгээр өргөн сайхан болсон ч явган зорчигчдын явах хэсэг замын байгууламжийн нөлөөлөлд өртөж, автомашин хүн нэг замаар зорчих болжээ.
Дахин шинээр явган зорчигчдод зориулсан зам гаргахаар 8в байрны хойд талд байрлах 290м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй объектын эзэнд мэдэгдэл хүргүүлэхэд 380 сая төгрөгийн нөхөх олговор шаарджээ. Харин тус объектыг худалдаж авсан шинэ эзэмшигч иргэн П.Гансүх ямар нэгэн нөхөх олговор авалгүйгээр, объектын баруун талын ханыг бүхэлд нь нурааж дахин шинээр өрж явган хүний явах замыг өөрийн хөрөнгөөр тавьж өгөөд байна.